Wednesday, December 23, 2009

Миний урласан даашинз

Өчигдөр гэнэт байж байгаад ямар нэгэн юм хиймээр санагдав. Би хааяа нэг зүгээр байж чадахгүй нэг юм хийж, сандаажил байж санаа амардаг болохоор хийнэ гэснээрээ хийхээр гэрээ баахан онгичлоо. Хөшигний материалаас үлдсэн өөдөс, гэрлийн чийдэнг бүрсэн алга дарам торго оллоо. Яг юу хийхээ мэдэхгүй баахан эргэлзлээ. Тэгэж байгаад дээр үеийн оросын гэр ахуйн тухай бүх юмтай ээжийн хуучин номноос харж байгаад нэг даашинз хийхээр болов. Уулна хүүдээ өмд ч юмуу цамц ч юмуу өөр юм хийе гэсэн боловч торгоны өөдөс минь хүрсэнгүй. Харин миний нэрийг өгсөн ахынхаа бяцхан охинд даашинз урлахаар суулаа.

Эгчтэйгээ хамт эсгүүр гаргаж хайчилж суугаад хэдэн өөдсөө бариж үзсэн ч яав ч олигтой юм болох шинжгүй ээ. За яахав гэж бодоод л хийнэ гэснээрээ суулаа. Эгчээрээ заалгаж байгаад л торгоо энд тэнд нь зүүж байгаад л бас торон хөшигний өөдсөөр цацаг оёж суув. Би тийм уран хүн биш л дээ. Юмыг л далий муруй оёно. Зүгээр л хаяа юм хийх дуртайгаас цаашгүй. Өөртөө муруй сарий даашинз оёж хүүдээ хэдэн живх хийснээс цаашгүй. Ур байхгүй оёдолчин гэхий муу даа. Даашинз маань алхам бүр урагшилсаар л. Харин гайхалтай нь даашинз минь алхам бүрт л хөөрхөн болсоор байв. Хэдэн удаа буруу оёж, ханзалж, муруй оёсноо засах гэж индүүдсээр бараг л 5-н цаг болов. 5-н цагийн дараа даашинз маань үйлдвэрийн тэр дундаа оросын хөөрхөн даашинзнуудтай яг адилхан эгдүүтэй юм боллоо. Хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Жоохон хүүхдийнх болохоор бүүр ч эгдүүтэй харагдана. Гэнэт ийм хөөрхөн даашинзаа хэнд ч өгмөөргүй санагдлаа. Өөрөө охинтой болоод охиндоо өмсгөмөөр ч юм шиг. Тэр болтлоо хэдэн жилээр ч хамаагүй хадгаламаар санагдав. Зүгээр л өөрийнхөө урласан даашинз хөөрхөн болсон болохоор л хэнд ч өгмөөргүй санагдлаа.

Сонин юм шүү хүний шунал гэдэг. Муухай болсон бол хүнд өгч болоод харин гоё болохоор нь хадгалж, хэзээ нэгэн өдөр охинтой болоод өмсүүлнэ гэж бодоол. Ингэж бодсоныхоо дараа би өөрөө өөрөөсөө ичлээ. Яг үнэндээ анхан бариж үзсэн хэдэн өөдөс давуу маань олигтой юм болохгүй юм шиг харагдсан болоод л айлын хүүхдэд юм оёсон ч юм шиг. Хөөрхөн юм болохыг нь мэдсэн бол тэгэж оёхгүй байсан ч юм шиг санагдлаа. Хүн гэдэг муухай юмаа. Тэд наанаа хичнээн сайхан сэтгэл гаргаж байгаа мэт харагдсан ч цаанаа бүх л сайхан зүйлийг өөртөө авч үлдэх гэсэн шуналтай байдаг байх даа гэсэн бодол төрлөө. Бодлоосоо өөрөө ичлээ. Зүгээр л өөрөө хийсэн анхны даашинзаа хэн нэгэн хүнд өгөөд л сураггүй алга болоосой гэж ч хүсээгүй ч байж болох юм. Ингэж зөвтгөж ч үзлээ. Даашинзаа харж хэсэг зуур бодолхийлэв. Тэгээд ийм хөөрхөн зүйлийг эгдүүтэй хөөрхөн охин өмсөөд инээж баярлаж байвал гоё юм даа. Чемоданд хийж хадгалаад дэмий л хоосон даашинз гэж бодлоо. Ингээд л анх зориулж оёсон эзэнд нь өгч явуулахаар боллоо. Боож тавиад хүнд өгөөд явууллаа. Хөөрхөн охинд гоё харагдана даа гэж бодсон ч цаанаа л нэг аваад үлдмээр санагдсан хэвээрээ л. Сонин юм шүү хүний шунал гэдэг.

Thursday, December 17, 2009

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмц

Өчигдөр 2012 гэдэг кино үзлээ. Дэлхийн төгсгөлийн тухай, бүх зөн билгийн биеллийн төлөө өгүүлсэн аймаар ч гэмээр нэг тийм сэтгэлд хүйтэн оргиулсан тийм л кино байлаа. Ерөнхийдөө бусад кинонуудын нэгэн адил дэлхий сүйрэхэд нэг залуу тэмцэнэ. Ингэхдээ салсан эхнэр хүүхдээ аварч дуусна. Дэлхийд хүний төсөөлж ч байгаагүй тийм гамшигууд хэдхэн цагийн дотор болж өнгөрнө. ер нь бол сонирхолтой кино ч энэ бүх үйл явдал миний сэтгэлийг төдийлөн хөдлөгөсөнгүй. Ганцхан зүйл л надад сонирхолтой санагдав. Ертөнцийн төгсгөл болоход бүх л хүн өөрийн шашин шүтлэгт залбиран мөргөх юм. Тэд өөрсдийг нь залбирал аварч чадна гэж бат итгэн бүгдээрээ цуглан мөргөл үйлдэнэ. Бүгд биш юмаа гэхэд ихэнхи нь амьд үлдээсэй ертөнцийн төгсгөл битгий ирээсэй гэж залбирч байсан байх. Харин харамсалтай нь тэдний хэн нь амьд үлдсэнгүй. Харин залбирч мөргөхийн оронд тэмцэж, зүтгэсэн хүмүүст л амьд үлдэх, ядаж тийм боломжинд ойрхон очих боломж олдсон.

Ингээд л би бодож эхлэв. Би зүгээр ингэж хэлснээрээ аль нэг шашныг, эсвэл ертөнцийн эзний алийг нь ч үгүйсгэх гэсэнгүй. Залбирал мөргөл хэрэггүй гэж ч хэлэх гэсэнгүй. Зүгээр л хүн болгонд бурхан боломж олгож байдаг. Харин түүнийг бариж авч хэрэгжүүлсэн хүн л өөрийнхөө залбирлын хариултыг олж авдаг юм байна гэж бодсон. Итгэл найдвар, шашин шүтлэг хүмүүсийн амьдралд хамгийн чухал зүйл болох итгэлийг өгдөг. Харин энэхүү итгэл дээрээ тулгуурлаж цааш нь юуг хэрхэн хийх эсэхээ хүмүүс өөрөө л шийддэг. Хэрэв бурхан гэж байдаг бол тэр хүмүүст бүх л боломжийг өгч байдаг. Ертөнц тэр аяараа хүмүүсийн хүсэл мөрөөдлийн төлөө эргэж байдаг. Харин тухайн хүн үүнийхээ төлөө өөрөө л тэмцэхгүй юм бол бурхан яагаад ч ертөнц хаашаа ч эргээд нэмэргүй.

Харин энэ зарчмыг зарим хүн огт ойлгохгүй юм. Би дээр үед санамсаргүй байдлаар Есүсийн цуглаанд очсон юм л даа. үнэндээ би шашин бус, одоохондоо ямар шашинд итгэхээ шийдэж чадаагүй байгаа л нэгэн. За тэр ч яахав тэр цуглааныг нэг залуу удирдаж байх юм. Тэр залуугийн мөрөөдөл Монголдоо л байхгүй уран барилгач болох мөрөөдөлтэй гэнэ. Тэр залуу мөрөөдлийнхөө төлөө зөвхөн бурханд л залбирдаг. Хэзээ нэгэн цагт бурхан түүний бүх залбирал мөргөлд хариулт хэлж тэрээр уран барилгач болох юм гэнэ. Харин тэр залуу зүгээр л гэртээ суугаад л хэд дахин залбираад л суухад хангалттай гэж боддог аж. Сургуульд ч сурах хэрэггүй ажил ч хийх хэрэггүй зүгээр л бурханд үнэнч байж, өдөр бүхэн нэг зүйлийн төлөө залбирснаараа л тэр хүн уран барилгач болох юм байх. Хэрвээ чи юу ч хийхгүй бол бурхан яаж ч хичээгээд нэмэргүй гэтэл харин тэр залуу та өөрөө яаж ч хичээлээ бурхан байхгүй бол юу ч нэмэргүй гэж маргах юм. Тэр залууд бурхан сайн сургуульд сурах боломжийг олгосон бол яах вэ. Түүнийг алдартай барилгын компанид ажилд орох боломжийг олгосон бол яах вэ. Тэр залуу бурхан л бүхнийг шийднэ гээд л тэр бүх боломжийн дээгүүр алхаад л өнгөрсөн бол яах вэ.

Давагдагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж бурханд залбирч байгаа бол ч яаая гэхэв. Гэтэл зарим хүмүүс өөрөө гарын үзүүрээр хийх юманд л Гандан орж ном уншуулах юм. Хичээл дээрээ онц авъяа. Улирлын шалгалтыг давъяа ч гэх юм уу. Хүмүүст ингэж залбирах нь итгэл найдвар өгдөг ч байсан гэсэн өөрөө хичээлээ давтахгүй бол мянган бурхан зэрэг суугаад ч тэр хүнийг онц гаргаж чадах уу. Хүн бүхэнд өөрийнхөө амьдралыг хаашаа ч эргүүлэх хүч байдаг. Тэдэнд өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэх хүч өөрт нь л байдаг. Харин энэ боломжийг, ингэх итгэл найдварыг магадгүй бурхан, магадгүй ертөнц өгдөг байх. Алхимич гээд нэг сайхан номон дээр та өөрийнхөө мөрөөдлийн төлөө явж чадах юм бол ертөнц тэр аяараа танид тусалдаг гэдэг сайхан үг байдаг. Би ч бас ингэж л боддог. Тийм ч учраас би өөрийнхөө мөрөөдөлд хөтлөгдөн, мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэмцэхийг л хүсдэг. Явсан нохой яс зуудаг гэдэг шиг хөдөлсөн хүнд л бүх боломж нээлттэй байдаг шүү дээ.