Wednesday, January 6, 2010

Зүүд

Сүүлийн үед зүүд гэж яг юу юм бол гэсэн бодол байнга төрөх боллоо. Хачин хачин зүүд зүүдэлдэг болсныг ч хэлэх үү зүүдээ өглөө сэрээд тод томруун санахыг ч хэлэх үү. Магадгүй шөнө тавтай унтаж чадахгүй хүүтэйгээ зууралдснаас ч болдог юм уу эсвэл зүгээр л гэнэт тэгэж их зүүдэлдэг болсон ч юм уу ямартай ч учир битүүлэг бүүр кино зохиол болохоор юм их зүүдлэх боллоо. Надтай огт хамаагүй үлгэрийн орон ч зүүдлэх шиг. Сайхан зүүд зүүдлээд өдөржин баяртай байдаг бол муухай зүүд зүүдлээд бүүр шал уур ч хүрэх шиг. Зүүд ер нь бидний паралель ертөнц дэхь амьдрал юм болов уу гэж би нэг зүүд зүүдэлснээсээ хойш байнга бодох болов. Тэр зүүд үнэхээр аймшигтай.

Ер нь бол би тэр зүүдэнд хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр такси барихаар гарлаа. Яагаад ч юм гэрээс гарахдаа цүнхэндээ нэг шил овоо үнэтэй архи хийгээд гарах юм. Такси барихаар зогсож байтал үнэтэй байрын дотроо нилээн хэдэн хүнтэй машин зогсоод ах нь хүргээд өгье суучих гэлээ. Суугаад л явж байтал машин доторх хүмүүс архи ууж, тамхи татан дур дураараа л хашгаралдана. Би ч юм санасангүй тэгээд л цаашаа явлаа. Гэтэл хойно сууж байсан нэг ах наад архиа надад өгөөдөх гэдгийн байна. Өгчлөө. Тэгээд хүрэх гэсэн газраа ирээд хүргээд өгнө гэсэн болохоор мөнгөө төлөлгүй буулаа. Тэгээд ч би үнэтэй архиа өгчихсөн юм чинь. Буугаад алхаж байтал гэнэт надруу нөгөө хүмүүс маань атгын чинээ чулуунууд л аваад шидээд байх юм. Айж гайхах зэрэгцэн би зугтлаа. Хүмүүсээс хичнээн ч туслаач гэж гуйсан ч хүмүүс бүгд л намайг түлхэнэ. Цагдаа хувцастай хүн дээр очтол бас л намайг түлхэх юм. Машинд байсан хэдэн эр бас нэг эмэгтэй хөөж, бас чулуу шидэлсээр л. Би яах ч учраа олохгүй зугатсаар л. Яагаад намайг хөөгөөд байгааг нь огт ойлгосонгүй. Миний бие авахын эцэсгүй шалбархай болсон байлаа. Ингээд би нэг гуанзанд гүйж орлоо. Жижигхээн 2хон ширээтэй гуанз байдагдаа яг л тийм газар. Ороод нэг ширээн доор нь орж чичирч суулаа. Гэтэл хойноос нь машинд сууж байсан эмэгтэй орж ирүүтэй л намайг хөлнөөс минь чирээд гаргаж ирлээ. Тэгснээ миний түрүүвчийг уудлав. Уул нь би гайгүй л мөнгөтэй байсан даа. 20000 төгрөг хоёр ч байлуу. Юу хүссэнээ аваа гээд л гуйтал чамд доллар алга гэж ирээд л намайг зодоод байх юм. Миний мөнгийг ч тоож байгаа юм алга. Хүн тооцоогоо доллароор хийх гээд байхад чамд доллар алга ч гэх шиг. Үгийн зөрөөгүй л харааж зүхэн зодож гарлаа. Миний түрүүвчийг хэсэг ухсаны дараагаар түрүүвчнээс маань анх миний ханийн түрүүвч бэлэглэж байхдаа азтай байг ээ гээд хийж өгсөн 1 долларыг олсоноо баярлан алга боллоо. Бусад мөнгийг авсангүй. Би ч хүмүүсээс салаад баярласан гэж яана. Гэнэт хартал хүү маань алга. Тэгээд л би мэдрэл муутай болчихсон унтлаганы хувцас өмсөөд туулай тэврээд тэр хавиар явж байх юм. Энэнээс цааш зүүдэлж тэссэнгүй би тэгээд л сэрчихлээ.

Хамгийн гайхалтай нь өглөө сэрээд л миний бие жинхэнээсээ зодуулсан юм шиг хөв хөндүүр болсон байлаа. Огт хөдөлж ч болохгүй. Хамаг бие өвдөж гар хөл бадайраад л. Гайхсандаа биенийхээ энд тэндэхийг ажиглалаа. Гэтэл нөгөө ширээнээс чирүүлж гарахдаа төмөрт зурсан мэт шалбархай байх юм. Бас хэсэг газар хөхөрчихсөн ч байх шиг. Гар хөл хөндүүр өдөржингөө л яг л зодуулсан хүн шиг зовуурьтай байлаа. Дараа шөнө нь шөнөжин халуурч хонолоо. Гайхсан гэж жигтэйхэн. Манай эгч болохоор яахав чиний бие өвдөөд л эвгүй зүүд зүүдэлсэн байх гэлээ. Хамгийн боломжит тайлбар. Гэхдээ л надад өөр юм бодогдлоо. Магадгүй би өөр ертөнцөд очоод зодоон хийчихсийн биш байгаа даа гэж бодов. Хэхэ огт утгагүй тайлбар гэхдээ л бас боломжтой. Магадгүй бид паралел ертөнцөд аялж байгаад ирдэг юм болов уу. Тэрнэээс хойш дандаа л ингэж бодогдох болов.

Зурагт үзэж байгаад нэг хүн ингэж ярихыг сонссон юм л даа. Юм бүхэнд олон боломжит тайлбар байдаг. Хачин жигтэй, ид шидийн ч гэмээр маш олон тайлбар байдаг. Харин тэрнээс амьдралд хамгийн ойр тайлбарыг сонгоод л түүнийгээ буруу гэж батлагдтал нь энэ бол зөв тайлбар гэж бодох ёстой байдаг гэсэн. Тэр хүнийхээр бол магадгүй миний бие өвдөөд л тэгэж зүүдэлсэн байх. Хамгийн боломжтой нь. Гэхдээ л энэ тайлбар буруу гэж батлагдах ч боломжтой болохоор миний тайлбар ч бас зөв ч байж магадгүй. Ингээд л би өөрийнхөө тайлбарыг үнэн гэж бодохоор шийдэв. Боломжгүй ч гэсэн сонирхолтой хааяа би ертөнцийн нууцыг тайлах гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг болохоор нь тэр байх.

1 comment:

  1. таксины тооцооны нэгж өөр шүү дээ хэхэ... зүүд гэдэг өнгөрсөн амьдралаас эвлүүлж бүтээсэн бичлэг биш гэдгийг л мэдэж байна хэхэ.

    ReplyDelete