Monday, January 11, 2010

Санаанд оромгүй сайхан сэтгэл

Хэн нэгэн хүнээс санаанд ч оромгүй сайхан зүйлийг мэдрэх сайхан шүү. Хэдий тэгэх тохиолдол ховор ч гэлээ, тохиолдсон хойноо хүний амьдралын турш сэтгэлд хадгалагдан үлдэх нь сайхан. Дээрэм тонуул, хулгай, атаа хорсол, муу санаа, урвалт гээл биднийг хүрээлж буй зүйл хэдий олон байдаг ч гэлээ ганцхан сайхан зүйл тохиолдоход л хүний сэтгэл тэр дороо уужирч баяр баясал инээд хөөрөөр цалгин аз жаргалаар баялхаж, ертөнц ямар сайхан юм бэ гэж бодогдоход хүргэнэ.

Хэдий олон жилийн өмнө болсон ч би нэг явдлыг тодоос тод санадаг юм. Зуны нэг халуун өдөр байж билээ. Би гэрээсээ гангалаад л өсгийтэй гутал өмсөөд л гарсан юмдаг. Сургууль орж бичиг баримт бүрдүүлэхээ л гарсан санагддаг юм. Зун бичиг баримт бүрдүүлж байхыг бодоход би дөнгөж арван жилээ төгсөөд л сургуульд орох гэж байсан бололтой.

Өглөөнөөс хойш үд болтол алхаад ядарсан гэж яана. Бүтээсэн юм ч байсангүй. Ийш тийш гүйж жаал ядарсны эцэст хэсэг хугацаанд сургуулийн гадаах сандал дээр суулаа. Сууж байгаад цүнхээ харвал дотор нь түрүүвч байсангүй. Будилж мунгинаж явахдаа л түрүүвчээ хаяасан бололтой. Уур хүрсэн гэж яана. Өмнө нь явсан газартаа хаяачихсан юм болов уу гэж бодоод эргээд хөлөө чилтэл явлаа. Олох юм бишээ. Эргээд л нөгөө газартаа ирж суулаа. Аав ээж хоёр ажлаа бүтээгээрэй гээд өгсөн 5000 төгрөг дээрээс нь иргэний үнэмлэхээ хаячихлаа. Аав ээж хоёр яах бол гэхээс зүрх үхэж эгээтэй л нулимс гарчихсангүй. Тэр үед 5000 төгрөг ховор олддог их мөнгө байж дээ. Сургуулийн сурагч ийм мөнгөтэй явах нь ховор байсан цаг. За тэр ч яахав. Өсгийтэй гутал өмсөж сураагүй болохоор хөл янгинаж, ядаж шинэ авсан гутал нь хөл холгоод ярих юм биш.

Гутраад яахав гэж бодоод гэрийн зүг сажиллаа. Гартаа ганц ч төгрөггүй, холгосон хөлтэйгээ алххаар болов. Ямар тэр үед надад гар утас байсан биш дээ. Тэрийг бүүр сүүлд оюутан болсны дараа аав ээж төрсөн өдрөөр авч өгч байсан юм. За тэр ч бас яахав Энд тэнд сууж амарсаар болох байх даа гэж бодоод л цааш явлаа. Гай болж явж байсан чинь гэнэт хамраас цус гарав. Өглөө малгайгаа өмсөөд гараарай гэж хэлж байсан аавын үг гэнэт санаанд орох нь тэр. Хамрынхаа цусыг тогтоох гэж оролдсон ч бүтсэнгүй. Тэгээд нэгэн байшинд орж нойлд нь орж хамраа цэвэрлэж, цусаа тогтооё гэж цэвэрлэгч эгчээс нь гуйлаа. Харин тэр хүн 100 гэх нь тэр. Эгчээ би түрүүвчээ саяхан алга болгочихсон юм аа гэхэд тэр эгч тэгэж ярихгүй ээ хөө гэх нь тэр. Ингээд л би царайгүй эгчээс салаад гарч явлаа. Хойно нөгөө эгч өөр нэг хүнд муусайн юмнууд ингээд нойл завааруулах гээд байдаг юм гэхийг сонслоо. Хэн тэгэж тэр эгчийг хашраасан юм бүү мэд. Гэхдээ л би тэрүүхэн үе дээ тэр эгчид үнэн голоосоо гомдож билээ. Өөрөө охинтой байх даа, яагаад надад ингэж хандаж байгаа юм бол гэж бодоод уйлах шахав.

Цааш алхсаар хажууханд нь байдаг усан оргилуурын тэнд очлоо. Хамрын цус тогтох юм биш. Хамраа усанд угаая гэсэн тэгэж арай л төвдсөнгүй. Баяцхан хүүхдүүд усаар тоглож байхад гэж бодлоо. Цэвэрхэн гараараа ус утгаад холхон очиж угаах юм болсон ч олигтой юм болсонгүй. Намайг тэгэж мунгинаж байх зуур нэг хүн миний хажууд ирж суулаа. Үг ч хэлсэнгүй цав цагаахан даавууны өөдөс сарвайх нь тэр. Дээш өндийн харвал дөч эргэм насны нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн. Навсархай хувцастай, хог түүдэг бололтой нэг уут баричихсан, зуны халуунд зузаан хувцас өмсчихсөн хүн зогсож байлаа. (Бидний траншейний гэж нэрлэдэг шиг тийм л хүн ) Баярлалаа гэж хэлээд би сарвайсан даавууг нь норгож байгаад хамраа арчлаа. Тэгээд ахин дээш харвал нөгөө хүн аль хэдийн хол явчихсан байлаа. Хүний сайхан сэтгэлд баярласандаа ч тэрүү би тэр дороо л гэрлүүгээ нисэх мэт алхаад оччихсон юмдаг.

Тэр ах өгсөн даавууны өөдөс шигээ цав цагаахан сэтгэлтэй хүн байж дээ гэж би сүүлд бодож билээ. Хэдий өөрөө ядарч зүдэрч яваа ч гэлээ өөр нэг ядарсан хүнд туслах гэсэн сэтгэлтэй ямар агуа хүн бэ гэж биширмээр. Сүүлд бодоод байхнээ би яагаад тэр ахын хойноос нь гүйж очоод маш их баярлалаа ахаа гэж хэлсэнгүй вэ гэж бодогддог юм. Ядаж нөгөө ахын өгсөн цагаан даавууг угаагаад аваад хоцрохгүй дээ ч гэж харамсдаг.

Хүмүүсийн дорд үздэг ядуу, гуйлгачин хэмээн нэрлэдэг хүмүүст нь бас аль ч мөнгөтэй хүнээс гарахааргүй сайхан сэтгэл байдаг юм байна гэдгийг би тэр л үед мэдэрч билээ. Хүний мөн чанар өмссөн хувцас, барьсан түрүүвч, олсон мөнгө, сурсан мэдлэгтээ биш харин сэтгэлд нь л байдаг юм шиг санагдсан.

Тэр цагаас хойш би тийм хүмүүсийг хараад тэр хүний ард ямар түүх байгаа бол яагаад ингэж амьдардаг юм бол, сэтгэл нь ямар хүн бол гэж бодох болсон юм. Хүн жоохон зүйлд ч гэсэн үнэн голоосоо баярлаж болдог юм байна, тэрийгээ насан туршдаа ч санаж сэтгэлийн жаргал эдлэж болдог юм байна гэж бодож бусдад аль болохоор туслаж, бусад уруу аль болох инээмсэглэж, хэнийг ч ялган үзэхгүй байхыг хичээх болсон. Энэ бол тэр сайхан сэтгэлт ахын л ач. Тэр ахтай би эргэж уулзах юм бол, өөрийн чадах чинээгээрээ л тусланаа.

1 comment:

  1. iim l butelgui hun dee chi, yaj balarsan, nulims dusluulsan zereg chini yag haragdaj bn hahaha. ah bol sain ah bn, chi sain bichsen bn, yarih yum alga

    ReplyDelete