Thursday, January 14, 2010

Дөрвөн бяцхан гацуур

Энэ түүхийг би уул нь хүн бүхэнд яриж өгөх юмсан гэж дандаа боддог. Ялангуяа эрх мэдэл бүхий тэр л хүмүүст. Энэ бол манай бяцхан дүү, түүний 3н жижигхэн найзынх нь түүх.

Одоогоос 4н жилийн өмнө манай дүү 10-н настай байлаа. Яг л бусад арван настай хүүхдүүдийн адил зуны амралтаа найзуудтайгаа тоглож гэр буулгаж, хөл бөмбөг өшиглөж л өнгөрөөдөг байсан. Аав ээж хоёр юм хэлдэггүй болохоор өглөөнөөс үдэш хүртэл манайд баахан банди нар хашгиралдаж шуугилдаж, тархи толгой эргэтэл ноцолддог байлаа. Бүүр өглөө эрт 8-н цаг гээд л хүн ид унтаж байх үед орж ирээд л бужигнуулж гарна.

Энэ шуугианаас залхсан уу нэг өдөр ээж тэдэнд энэ замын хажууд хэдэн жижигхэн гацуур тарчихсан байна лээ. Миний хүүхдүүд өглөө болгон очиж усалж бай. Тэгвэл тэр гацуурууд том болж сайхан ургана шүү дээ. Зуныхаа амралтыг жаахан ч гэсэн хэрэгтэй юманд зориул гэж хэлээд бүгдэд нь 2 3 5 10 гээд л янз бүрийн хувин түмпэн бариулаад л гэрээс гаргалаа. Нээрээ ч манай гэрийн хажуугийн гудамжинд жижигхээн доожоогүй хэдэн гацуур хавар суулгсныг саналаа. Манай хэд ус асгах нь асгаж, цалгиулахыг нь цалгиулж тэр өдрөөс хойш нөгөө замын хажууд тарьсан хэдэн гацуурыг усалдаг боллоо. Гацуур усалдаг болсноос хойш тэд өглөө хар үүрээр 6 жаахан өнгөрөөгөөд л нөгөө хувин саваа түжигнүүлсээр л орж ирдэг болов. Манайхаас ус аваад явдаг байсан юм. Ээжид би энэ хэд ямар яршигтай юм бэ хүн яг унтаж байхад гэж намайг гомдоллоход ээж за жоохон хүүхдүүд хөөрхөн л байна ш дээ ингэж байгаад уйдах байлгүй дээ гэдэг байгаа.

Харин тэд уйдсангүй ингэж усалсаар бараг сар болов. Манайхан ч өглөө түжигнэх хувингийн дуу, хөвгүүдийн хөлийн чимээнд бүүр дасаад өглөө эрт сэрдэг боллоо. Нэг өдөр би гадаа сууж байгаад дүүгийнхээ 3-н найзтайгаа яриж байгааг сонсов. Нэг нь миний гацуур том болж байгаа та хэд хараарай гэж ирээд л сайрхдаг юм байна. Нөгөөдүүл нь чинийх анхнаасаа л том байсан ш дээ гэж үг сөргөв. Дөрвүүлээ болохоор дөрвөн жижиг гацуурыг нэг нэгээр нь сонгож усалдаг юм байх. Энэ мэтээр аль нь мундаг болохоо хэлэлцэж суух хооронд тэдний ярианд би өөрийн эрхгүй татагдан орлоо. Ингээд тэд намайг дагуулан гацуурнууд дээрээ очлоо. Нээрээ л өнгө зүс ороод жигтэйхэн гоё харагдана. Бүгд л энэ нь минийх энэ нь миний гэж шуугилдан алинийхыг нь гоё гэх нь вэ гэсэн аятай надруу харна.Идрээ гээд нэг турихан банди Итгэлээ эгчээ бид нар одоо модныхоо хажууд цэцэг зүлэг тариад сүүлд нь жинхэнэ амьд зүлэгтэй хөлбөмбөгийн талбайтай болох гэж байгаа гэж өөрсдийн төлөвлөгөөнөөс хуваалцав. Би инээвхийлэн та хэд модоо өдөр ч юм уу орой ч юм уу усалж болдоггүй юм уу гэхэд Тэмүка үгүй ээ өглөө услахаар хамгийн сайн байдаг байхгүй юу, номон дээр тэгэж байна лээ гэж ирээд л номчирхлоо. Тэдэнтэй хэсэг ярилцаж суусны эцэст тэд сайхан зүйлийг хийж бүтээе гэсэн эрмэлзлэлээр ямар их дүүрэн байдагийг би ойлгож билээ.

Энэ яриа болсноос нэг их удалгүй өнөөх бяцхан гацуур бүхий замын хажууд нэг том тэрэг зогслоо. Тэд хөөрхий бяцхан гацууруудыг зулгааж байгаад л томоос том зарлалын самбар хадаж эхлэх нь тэр. Ээж уурлан энэ модыг чинь манай хүүхдүүд усалж ургуулж байгаа юм гэж зарга мэдүүлэхэд "хот тохижуулалтын газрын үүрэг. Яахав энийгээ хадаж дуусаад буцаад суулгаж өгөмц гэж хэллээ." Манай дүүгийн найзууд ч бас хэдэн гацуураа эргэж тойрон том хүмүүсийг царайчлан зогсдог байв. Гэхдээ л бяцхан хүүхдүүд хойно тэгэс хийж байгаад болилоо. Нөгөө том самбараа хадах гэсээр байтал аль хэдийн долоо хоног өнгөрөв. Хөрснөөс нь салгаад энд тэнд тавичихсан гацуурнууд аажмаар үхэж эхлэв. Арай гэж самбар тависныхаа дараа тэд нөгөө гацууруудыг суулгахчаа болоод л арилж өгөв. Харин тэр гацуурууд ахиж ургасангүй. Манай дүүгийн бяцхан найзууд ч мөн тэрийг услах гэж дахиж явсангүй. Дахиж зүлэг тариж, хөл бөмбөгийн талбайтай болно ч гэсэнгүй. Магадгүй тэдний зарим нь дахиж хэзээ ч мод услахгүй юм билүү хэн мэдлээ. Хийсэн юмыг нь хэн нэгэн хүн сүйтгэчихдэг болохоор дахиж шинийг санаачилж юм хийхээ болих ч юм билүү.

Хүүхэд гэдэг гэгээн цагаахан сэтгэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Тэдэнд томчууд бид итгэж дэмжих юм бол тэд дэлхийг ч өөрчлөх хүчтэй байдаг. Харин тэдний хүсэл мөрөөдөл, хийж бүтээж буй юманд нь хайхрамжгүй хандах юм бол тэдний дэврүүн сэтгэл, хүсэл эрмэлзэл ч бас замхран алга болдог. Хот тохижуулахын тэр хүмүүс зөвхөн дөрвөн жижигхэн модыг л тасдаж хаясан гэж боддог байх. Харин тэд дөрвөн бяцхан хөвгүүний ихийг хийж бүтээе гэсэн сэтгэлийг нь аваад хаяачихсан юм шиг надад санагддаг.

1 comment: