Saturday, January 16, 2010

Бараг л...

Энэ бол манай дүүгийн хэлэх хамгийн дуртай үг нь, Бараг л амны уншлага нь болчихсон гэх үү дээ. Юм л асуувал бараг л тийм ч биш, үгүй ч биш бараг л. Чи хичээлээ хийсэн үү... Бараг л... Хоолоо хийгээд дуусчихсан уу... Бараг л... Миний яриж байгаа юмыг ойлгож байна уу ... Бараг л...

Энэ үгийг дүү маань хэдэн жилийн өмнөөс л хэлэх болсон юмдаг. Бусад хүмүүст манараа сонсогдож байж магадгүй л юм. Гэхдээ л надад энэ дэлхий дээрх хамгийн утга учиртай үг шиг санагддаг.

Манай дүү одоо том залуу. миний өмнө нь яриж байсан дүү маань биш харин нөгөө дүү минь.Нөгөө дүүгийн маань ах, надаас дөнгөж 2 насаар л дүү. Хар багаасаа л дүү бид хоёр хамт өссийн. Намайг хаа саагүй дагаж явдаг хүүхэд байж билээ. Бага байхдаа дөрвөн нас хүртлээ хэлд ороогүй болохоор дохиогоор яриж би хэлмэрчилдэг байсан юмдаг. Намайг ажаа гэж ирээд л ухаангүй хайртай. Би ч бас дүүдээ хайртай. Яагаад ч юм манай дүү бусдаас шал өөр хүүхэд. Нэг л онцгой.

Уул нь манай дүү их ухаантай. Сэтгэн бодох бодлого, шатар дааманд хэнийг ч араасаа дагуулахгүй. Миний огт ойлгохгүй байгаа юмыг хүртэл аль дээр үед ойлгочихоод л байж байдаг. Рүбикийн шоог эвлүүлэх, шүдэнзээр бодлого бодуулахад хамгийн түрүүнд л ойлгоно. Тэгсэн хэрнээ огт энгийн юмыг заримдаа ойлгоддоггүй их сонин хүүхэд. Багаасаа л тийм байсан. Хүн яагаад гутал өмсөөд байгаа юм.Үхэрийн биеэн дээр яагаад үс ургадаг юм гэж ирээд л. Хүмүүс зүгээр л тийм байдаг юм гээд ойлгочихдог зүйлсийг яагаад яагаад ийм байгаа юм гэж ирээд л асууна.Ямарсайндаа л би бага ангид байхад нь хасах хасахын нэмэх гэдгийг ойлгуулах гээд л их зовж билээ. Зүгээр л тэгдэг болоод л тийм байхгүй юу гээд л би хичнээн тайлбарлаад л огт ойлгоддоггүй. Тэгэж баахан удаж байснаа манай дүү хоёр хасах нь мөргөлдөөд нэмэх болчихсон юм уу гэж асууж байж билээ.

Жоохон байхдаа тэр хүмүүсээс дандаа юм асууж явдаг хүүхэд байсан. Хүмүүс тайлбарлаж чадахгүй, асуултыг нь ойлгохгүй болохоороо л дандаа зүгээр л тийм байдаг байхгүй гэдэг хариултыг өгдөг байлаа. Би ч гэсэн. Гэхдээ арай ойр өссөн юм болохоороо би дүүгийнхээ яриаг хамгийн сайн ойлгодог хүн нь. Дүү маань янз бүрийн зүйлсийн талаар маш сонин сонин зүйл их яринаа. Ихэнхдээ хүмүүс түүний яриаг ойлгохгүй болохоор бараг л сонсдоггүй юм. Аав ээж хоёр ч бас дүү чинь нэг юм яриал байна огт ойлгодоггүй ээ гэж ирээл. Зарим хүмүүс түүнд энгийн эгэл жирийн амьдрал байх ёстой юм байгаараа байгаа гэдгийг ойлгуулах гэж их л хичээдэг байсан юмдаг.

Энэнээс болжил би дүүгээ дандаа бараг л гэдэг үгийг хэлэх болсон байх гэж боддог. Түүний дотоод ертөнц бидний одоо амьдарч буй ертөнцтэй зөрчилддөг бидний зүгээр л ийм байх ёстой гэдэг хариулт түүнд хангалтгүй байдаг болохоор... Дүү минь орчлонгийн утга учрын хариултыг хараахан олж чадаагүй байгаа, бүх юманд төгс хариулт олж чадаагүй болохоор л бараг л гэж хэлдэг байх. Ингэж бодохоор бид ч бас бараг л гэж хэлэх ёстой юм шиг. Учир нь бид ч бас яливаа зүйлийн төгс хариултыг олоогүй л байгаа шүү дээ.

1 comment:

  1. хэхэ. нээрээ гоё санаа байна. дүүг чинь бараг л санаж байна. гэхдээ удаан хараагүй одоо бараг л танигдахгүй том залуу болоо биз дээ. сонирхолтой л амьдралтай юм.
    хүмүүс бид ер нь их эмх замбараагүй мэддэг хүмүүс ш дээ. их энгийн зарим зүйлсийг мэдэхгүй. тэгсэн хэрнээ өөрсдөдөө огт хамааралгүй зүйл их судална сонирхоно.

    ReplyDelete