Monday, January 18, 2010

Програмчлагдсан толгой

Нэг өдөр манайд ах минь ирлээ. Манайд оюутан байхдаа сууж байсан болохоор надтай хууч хөөрөх дуртай. Хүмүүс түүнийг бүрэн ичимхий гэдэг л юм. Харин надад бол сонин сэтгэхүйтэй нээлттэй хүн шиг санагддаг. За тэр ч яахав. Бид хоёр урьдын адил цай уунгаа элдвийг яриж суулаа. Манай ах яриандаа халсан уу яасан гэнэт л Ах нь ер нь эхнэр авахгүй байхаа гэдэг юм байна. Би гайхав. Уул нь их сайхан залуу. Надаас нэг ах. Өндөр гоё биетэй. Харсан охидууд царайлаг л гэдэг юм. Гэхдээ надаа тийм ч царайлаг харагддаггүй л дээ. За тэр ч яахав ажилтай зорилготой, өөртөө итгэлтэй, бүтээлч за тэгээд л ер нь орчин үед залууст ховордоод байгаа чанар ихтэй гэх үү дээ. Харин яагаад тийм хүнд эхнэр олддоггүй билээ.

Нүдээ том болгоод яагаад гэж би асуулаа. Харин ах миний санаанд ч оромгүй хариултыг хэлдэг байгаа. "Ахыг нь хүүхэд байхаас эхлээд л ээж минь оюутан байхдаа битгий охин дагуулаад ирээрэй. Залуудаа эхнэр авч болдоггүй юм шүү гэж дандаа захидаг байсан юм" гэх нь тэр. Ингээд л миний толгойд үргэлжилсэн урт бодлууд дахиад л орж ирлээ. Биднийг хар бага байхаас л эргэн тойрны хүмүүс бидний толгойд програм бичиж байдаг юм шиг санагдав. Харин бид түүнийгээ хүмүүжил гэж нэрлэдэг юм шиг санагдлаа. Ах минь үргэлжлүүлэн "Тэгээд л би бүтэлгүй хайртай учрах тоолондоо л ээжийнхээ хэлснийг санадаг юм. Эхнэр авч болохгүй гэсэн бодол толгойд бүүр суучихсан бололтой" гэв

Нээрээ ч тийм дээ гэж би сунжруулан хэлэв. Үнэхээр л тэгдэг бололтой. Намайг хар бага багаас эхлээд л аягаа ч угааж чаддаггүй байхад хүртэл бүтэлгүй салан палангаар нь дууддаг байж билээ. Ингээд л би өөрийнхөө салан палан гэдэгт итгээд огт ажил сураагүй юм шиг санагдлаа. Эцэг эх, бусад томчуудын биднийг сургаж хүмүүжүүлэх гэж хэлдэг үгнүүд бүгд л бидний амьдралд биелэлээ олдог юм шиг гэнэт бодогдов. Сайн ч муу ч тэр үгийг бид тархиндаа хүлээж аваад л програм болгож тийм л байх ёстой юм шиг санаж явдаг бололтой.

Харин эцэг эх, томчууд сайн зүйлийг их хэлдэг үү муу зүйлийг их хэлдэг үү гэдэг асуулт эндээс урган гарав. Бодоод байх нээ тэд сайн зүйлийг бага муу зүйлийг их хэлдэг юм шигээ. "ажил сурахгүй бол нөхөртөө гологдоно", "Сайн мөнгө олохгүй бол эхнэр авч чадахгүй", "Хичээлээ хийхгүй бол ядуу амьдарна" гэж ирээд л харааж байгаа ч юм шиг энэ үгнүүдийг эцэг эхчүүд амны уншлага шиг л хэлдэг. Тэгэж хэлэхдээ хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө л хэлж байна гэж боддог. Харин үнэн хэрэгтээ тийм биш бололтой. Тэд биднийг муухай амьдарч, нөхөртөө гологдож, эхнэр авч чадахгүй байж, амжилтгүй байхыг програмчилж, сүүлдээ амьдралын сайн сайхныг олж харахгүй харалган нэгэн болгодог юм шиг санагдав. Амьралд алдах тоолондоо тэд өөрсдийгөө азгүй амьтан мэтээр л сэтгэдэг юм шигээ. Болох ёстой юм болдогоороо болж, тэгэх л ёстой юм шиг хүлээж авдаг байх.

Ингэж бодоод л би дотор зарс хийв. Гэхдээ бидэнд ч бас итгэл найдвар байгаа. Бид хэдийн програмчлагдсан хэдий ч түүнийгээ эвдэж болдог гэдгийг хүмүүс ойлгоосой гэж би боддог. Бид өөрийн амьдралын алдаатай бүхнийг бусад уруу чихэх биш харин өөрийнхөө орсон хайрцагнаас гарч, өөрийнхөө амьдралыг гэрэл гэгээтэйгээр төсөөлж амьдрах хэрэгтэй юм шигээ. Сайн сайхан зүйлийг бусдад яриж хэлж, тэдэнд урам өгч тэднийг дэмжиж туславал хүн болгон л сайхан амьдрах чадвартай байдаг. Гэхдээ нэгэнт програмчлагдсан бол шинээр түүнийг устгаж шинэ зүйл суулгана гэдэг бас хэцүү л дээ.

Тийм болохоор хүмүүс хүүхэдтэй болохоороо тэдэндээ хамгийн сайн сайхан үгийг хэлж, сайхан үгээр өлгийдөж, тэднийг хэнээс ч дутахгүй эрдэнэ гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгвэл тэд ч бас ертөнцийг сайхнаар харж, сайхан зүйлд итгэж, ирээдүйгээ сайхнаар төсөөлөх боломжтой болно.

2 comments:

  1. хэхэ нээрээ ч тийм шүү. аз болоход намайг үйлдлийн систем нь 98 байхад ээж баахан ХР дээр суудаг программ суулгачихсан юм шиг байна лээ. кк. орж ирж сэтгэгдэл үлдээснийх яаж зүгээр гарах вэ тэр нүдээ том болгоод гэдэг их хөгжилтэй санагдлаа. тэр том нүд улам томорхоор ч ...

    ReplyDelete
  2. Би ч хүүхдийн хүмүүжлийн талаар юу мэдэхэв дээ, багадаа бишгүй зодолдож, зодуулж, сагнуулж явлаа. Хүн амьдарлын утга учир, зорилгоо өөрөө олдог учраас эцэг эхчүүд бүтээгүй мөрөөдлөө үр хүүхддээ тохох хамгийн буруу хэрэг болов уу. Хэдий төрсөн үр чинь ч гэсэн малгай чинь таарахгүй. Тэр л хамгийн том алдаа байх даа. Манайхан хүүхдүүдээ ямар хүмүүжүүлж чаддаг биш дээ, улс орон ийм байгаагийн нэг шалтгаан.

    ReplyDelete