Thursday, January 21, 2010

Сүү

Утаан хөшиг татсан цонхны цаанаас бүдэг бадагхан хотын дүрс арай ядан ялгарна. Хаврын эхний сар гэхэд гадаа жихүүн хүйтэн байгаа нь хүмүүсийн өмссөн хувцас, бээцийсэн алхаанаас илт харагдах ажээ. Том хашаан дотор халуун сав барисан хүмүүс ганц нэгээр алхах бөгөөд хашааны гол дахь эх хүүхдийн хөшөөний хажуугаар яаруухан явж өнгөрнө. Яагаад ч юм миий анхаарлыг тэр хөшөө татлаа. Өмнө нь энэ газраар ирж байсан ч тэр хөшөөг тэгтлээ ажиглаж харж байсан нь үгүй. Харин энэ удаад тэр хөшөөг хараад сэтгэл и л хөдлөв. Би яг л тэр хөшөөний нэгэн адил ээж болсон шүү дээ гэж бодогдлоо.

Эмнэлэгт ирээд бараг л 7 хоночихсон байна. Харин хүүгээ гаргаад дөнгөж гурав хоног. Яг үнэндээ ээж болсондоо одоо болтол итгэж чадахгүй л байна. Аав ээж хоёр минь их л сандарч байж билээ. Ээж минь хөөрхий бишгүйдээ л их гүйж, хамгийн сайн эмч, хамгийн сайн сувилагчийг олох гэж мэддэг хүн болгон уруугаа л яриж гүйгээд л, харин хэр баргийн юманд догдолдоггүй аав минь нулимс цийлэгнэчихсэн зогсож байсныг саналаа. Аав ээжийнхээ сэтгэлийг тэр үед хамгийн ихээр ойлгож билээ. Өмнө нь муу аав ээжийгээ хэрэгтэй хэрэггүй юмаар их зовоодог байж дээ. Харин миний хайр бүүр сандарчихсан миний бүх зүйлийг тааруулах гэж гүйгээд л. Эргэлтээр ирсэн амттануудыг надад нэг нэгээр нь задлаж өгөөд л. Одоо хүртэл надад хоол, хүүдээ малгай авахаар санд мэнд л гараад өгсөн.

Анх хүүгээ хараад их л хачин санагдаж билээ. Үрчийсэн улаан нүүрийг нь хэнтэй адилхан юм болоо гэж гайхаад л харсан юмдаг. Бас хүүхдээ солигдчихвий гэж айсандаа чих, хамрыг нь сайн харж тогтоож авсан. Харин үнэр нь нэг л сэтгэл тайвшруулахаар сайхан.

Сувилагч анх хүүгийн маань оруулж ирж байхад хоёулаа өрөөндөө сандралдаж гүйгээд л. Яг л өмнө нь огт хараагүй харь гаригийн хүн харж байгаа юм шиг. Чихэн дээрээ, нуруун дээрээ бүр хөлөн дээрээ хүртэл урт урт хар үстэй сармагчин шиг санагдаад л. Хоёулаа хэтэрхий эмзэг хятад шаазан байгаа юм шиг хүрч ядаж байхад сувилагч орж ирээд л эргүүлж тойруулаад эхлэхээр ингэж болдог юм байхдаа гэж хоёр биерүүгээ гайхаж харж билээ.

Цонхоор харж хэсэг бодсоны эцэст хүүгээ харахаар явахаар шийдэв. Бүтэлттэй төрсөн учраас эмчилгээ хийлгэж байгаа болохоор ихэнхи дээ нярайн пост дээр өнжинө. Томоос том уян зүүгээр тариа хийгээл, дээрээс нь шаруулж хэвтдэг болохоор би нярайн пост дээр очих дургүй. Харахаар л хүүгээ өрөвдөөд уйлчих гээд байдаг болохоор л тэр байх. Гэхдээ л хүүгээ санаад харах хүсэл минь дийлж явахаар шийдэв. Хамаг хувцасаа давхарлаж байгаа л нярайн постын зүг зүглэв.

Олон маамуунууд толгой эргэтэл уйлалдах тэр газарт ганц сувилагч завгүй гүйнэ. Дух хамраас нь хөлс гарчихсан их л ядарч байгаа бололтой. Сайн харвал өчигдөр оройны сувилагч мөн байлаа. Өчигдөр орой хүүхдээ өрөө рүүгээ дур мэдэн авч явсан хэргээр баахан загнуулсан учраас сувилагчаас баахан зүрх алдан очтол. Өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн "За миний дүү хүрээд ирсэн үү. Бие нь сайн уу " гэж ирээд л асуув. Би "хүүгээ харахаар ирлээ" гэж ээрч мууран хэлээд шарлагийн ор уруу зүглэлээ. Хүү мань тэндээ тавтай нь аргагүй унтаж байх юм. Ер нь төрсөнөөсөө хойш унтаад л унтаад л огт уйлдаггүй сонин хүүхэд шүү. Айлын бусад хүүхдүүд дуу дуугаа аван орилж байхад манай хүүхэд л огт уйлахгүй хэвтэж л байдаг. Уйлахгүй болохоор нь уйлаасай гэж боддог байж билээ.

Ганцаараа өрөө үрүүгээ явж төвдсөнгүй сувилагчийн ажилд туслахаар шийдээд тэндээ үлдэв. Сувилагч эгч орчин үед ямар олон хүүхэд төрөх болсон талаар надтай хууч хөөрөн инээмсэглэнэ. Бодоод байхнээ сувилагчийн ажил хүнд бололтой. Бид л тэднийг ажилаа муу хийдэг, бэлэг сэлт гориддог, муухай ааштай гэх зэргээр муу хэлдэг боловч тэд хичнээн их ажилтай ч хэзээ ч чадахгүй явлаа гэж хаяад гардаггүй хүмүүс юм даа гэж бодов. Сувилагч эгч маамуунуудтайгаа яг л том хүнтэй яриж мэт яриж, хэн нь хэзээ төрсөн аль нь ямар зантай болох талаар надтай хууч хөөрнө. Мөн дөнгөж төрсөн бяцхан хүүхдүүдийг өлгийдөж тавиад л эрэгтэй эмэгтэйгээр нь хос болгож өөд өөдөөс нь харуулж тавиад л өхөөрдөж гарна. Олон хүүхдийн толгой эргэм чимээнд бүтэн 12 цагийн турш борви бохисхийлгүй ажилладаг хэрнээ, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад л өхөөрдөн яриж буй хүний тэр сайхан сэтгэлийг би бахархан харж суулаа.

Хэсэг хугацаанд суусны дараа би сувилагч эгчээс "Энэ хүүхэд түрүүнээс хойш л уйлаад байх юм. Зүгээр үү " гэж асуутал сувилагч "Ээж нь сэхээнд байгаа юмаа хөөрхий. Төрснөөсөө хойш цадтал хооллож чадаагүй л байгаа юм. Одоо хоёр хонож байна" гэв. Би хүүг өрөвдөөд хөхүүлэхээр болов. Хүү маань ихэнхидээ унтаж байдаг болохоор хөхөө бараг л хөхдөггүй байсан юм. Хүүг авч сандал авч сууж байгаа л цээжиндээ баритал хүү удаан хугацаанд хоолны бараа хараагүй хүн шиг л сорж эхлэв. Бараг л хорин минут хэртээ хөхсөн ч цадсангүй бололтой хөхсөөр л байлаа. Жоохон холдуулахаар л эргээд л дайраад л. Олдсон дээр нь сайн идээд гэдэс гараад авъяа гэж бодсон бололтой. Ингэж бодоод би өөрийн эрхгүй инээв. Хэдий бяцхан ч ийм зүйлийг мэддэг юм байх даа гэж би бодлоо. Сувилагч эгч "Миний дүү одоо болноо. Өөр хүнд хөхүүлье. Хөхийг чинь хоосолчихлоо " гэж ирээд л инээвхийлэв.. Дөч орчим минут хөхсний дараа өнөөх хүү цадсан бололтой үнэгчилэн унтаад өглөө. Их л жаргалтай байгаа бололтой хаяа хаяа уруулаа хөхөөд л инээмсэглэнэ. За болж дээ нэг сайн цадаад аваг. Буян болог. Ээж нь хурдан зүгээр болоосой доо гэж бодоод хүүг оронд нь буцааж тавиад хүүгээ очиж нэг хараад өрөөний зүг явлаа.

1 comment: