Sunday, February 7, 2010

Сансарын архичид

Манайх сансарт. Монголын бүх л газруудын адил манай сансарт ч мөн архичид байдаг. Түнель дээр мөнхийн согтуу хэд гурваараа хөлхөлдөх тэр хүмүүсийг хараад яагаад ийм болчихсон юм болоо гэж өөрийн эрхгүй бодогдоно. Нүүр нь хавдчихсан, хувцас нь урагдчихсан хүүхдийн тоглоомын талбай дээр ганц шил найрка ч болов олоод уучих юм сан гэж хавийн хүнийг царайчлан гөлөлзөх тэд өрөвдөмөөр ч юм шиг үзэн ядмаар ч юм шиг. Шөнө орой цонхон доор бахиралдаж, тоглоомын талбай дээр өөрсдийн өмч мэт дулаан өдөр тарвайж хэвтэнэ. Өдөр болгон зөрж өнгөрөх архичдыг харахад бараг л бүгдийг нь зүс мэддэг болж дээ. Өдөр хоног өнгөрөх тусам хэн нэг нь алга болж харин өөр нэг хүн ормыг нь сэлгэн ирнэ.

Уул нь тэд бүгдээрээ социолист Монголын сэхээтэн нарын хүүхдүүд юм гэдэг. Эцэг эх нь тэр үеийнхээ л алдартай улс төрч сэтгүүлч, бусдын хэлдэгээр том хүмүүс. Аав минь нэг өдөр нөгөө архичдыг хэсэг зуур харж сууснаа "хөөрхий амьтан, эцэг эхийнхээ буяныг даагаагүй хүмүүс дээ. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооцоо гэж" гээл халагласан юмдаг. Залуу байхдаа тэд эцэг эхийн хөрөнгөн дээр туйлж, хамгийн сайхан бүхнийг эдэлж явсан хүмүүс. Бусад хүмүүст байгаагүй боломжууд тэр хүмүүст бүгдэд нь байсан. Харин тэд архи хэмээх хатуу дарсаар тэр бүгдийгээ соличихсон нь харамсалтай. Зөвхөн эрчүүд ч биш, бүсгүйчүүд хүртэл тэдний эгнээнд нэгдэж өдөр хоногийг шил архины төлөө өнгөрөөнө.

Өмнө нь царайлаг бүсгүй байсан болов уу гэж хэлмээр нэг залуухан бүсгүй тэдний дунд бий. Тэр бүсгүйг харахаар надад гундаж буй сарнай харагддаг юм. Хэдий архи түүний гоо сайхныг аажмаар авч одон, өдөр шөнөгүй гудамжинд суусаар арьс нь харлаж гундсан хэдий ч өмнө нь түүнийг чамгүй сайхан бүсгүй байсан гэдгийг илтгэх зарим нэг зүйл хараахан арилж амжаагүй үлджээ. Том алаг нүд, цэвэрхэн шулуун хамар, нимгэн уруул, дээрээс нь өндөр гуалиг бие нь бүхий л муухай зүйлийнх нь цаанаас тодорч гарч ирнэ. Царай зүс сайтай байснаас гадна бас чамгүй боловсролтой, соёлтой нэгэн байсан нь түүний үйлдэл, үйл хөдлөл, хааяа нэг хажуугаар нь өнгөрөхдөө сонсдог ярианаас нь харагдана. Тэр хэзээ ч хараал хэлэхгүй бас бусад архичид шиг бахирч чарлахгүй. Нөгөө эмэгтэйчүүд шигээ эрчүүдтэй маазрахгүй харин зүгээр л архиа чимээгүйхэн уугаад л нэг буланд сууна.

Яагаад тэр бүсгүй энэ архи гэдэг аймаар зүйлд автаж бүүр живэхэд хүрсэн юм болдоо гэсэн бодол түүнийг харах тоолонд л төрнө. Хайртай залуудаа хаяагдаад сэтгэлийн гутралаа дийлж чадаагүй юм болов уу. Эсвэл гэр бүлийнх нь золгүй байдлаар нас барчихсан юм уу. Эсвэл түүний хайртай залуу машины осолд орсон ч юм болов уу эсвэл хэзээ нэгэн цагт ирнэ гээд огт ирээгүй юм уу. Эсвэл өөрөөс унасан хүүхдээ аюулт өвчнөөр алдчихсан юм болов уу. Түүний гуниг хурсан тэр нүдийг харах бүртээ л энэ мэт бодол толгойд орж ирнэ. Ямар нэгэн эмгэнэлтэй, дааж давашгүй хэцүү зүйл л тэр бүсгүйг манай сансарын архичидтай нийлүүлсэн мэт санагдана. Бусад архичдыг хараад дургүй хүрдэг хэдий ч тэр бүсгүйг харахаараа тэгдэггүй харин ч өрөвдөж хайрлах сэтгэл төрж, түүнийг хэнээс ч юм өмөөрнө. Магадгүй түүний өмнө нь сайхан байсан царай зүс, эсвэл эелдэг зөөлөн аашинд нь татагдаж л тэгдэг байх.

Ямартай ч тэр бүсгүй эндээ битгий шингээсэй, Битгий л архин далайд живээсэй. Сэтгэлийн тэнхээ гаргаж тэндээсээ гарч өөрийн аз жаргалаа олоосой гэж би хүснэ. Тэр бүсгүйд нэг сайн залуу дурлаад түүнийг энэ намаг балчигаас татаад гаргаад аваасай гэж бас мөрөөднө.